2025-05-21
11
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ЦАГААНДЭЛГЭР СУМАНД АЖИЛЛАЛАА.
Алслагдсан сумдын иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, иргэд, төрийн албан хаагчдын санал хүсэлтийг сонсох, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах зорилгоор аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллаж байна.
Цагаандэлгэр сум аймгаас алслагдмал бөгөөд Говьсүмбэр аймагтай зарим сумд хил залгаа оршдог тул ойр аймаг руу шилжин суурьших иргэдийн тоо сүүлийн жилүүдэд өссөн үзүүлэлтэй байсан ч 2024 оны жилийн эцсийн байдлаар Цагаандэлгэр суманд шилжин ирэгсдийн тоо аймгийн хэмжээнд хамгийн өндөр буюу 30 иргэн тус суманд шилжин ирж ажиллаж амьдарч байна.
Аймгийн Засаг даргын тус суманд зохион байгуулсан “Асуудал шийдэл” иргэдийн уулзалтын үеэр иргэдээс сумын хогны асуудлыг шийдвэрлэх, сургуулийн болон цэцэрлэгийн барилга шинээр барих, сургуулийн хүүхдүүдийн шүдний өвчлөл их байгаад анхаарч арга хэмжээ авах, сүү хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарыг сайжруулах, уул уурхайгаас нутаг оронд үлдэх эрсдэлийг тооцоолох, суманд мэргэжлийн индекс таарахгүйгээс шилжин ирсэн хүн ажилд орох боломжгүй байгааг холбогдох дээд байгууллагад уламжлах, яслийн бүлэгтэй болгох, сургуульд ашиглах ухаалаг дэлгэц, 10ш таблет шийдвэрлэж өгөх зэрэг санал хүсэлтүүдээ илэрхийллээ.
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун аймгийн хэмжээнд хогны асуудлыг бүрэн шийдвэрлэх ажил үе шаттай явагдана, сургууль, цэцэрлэгийн барилга барих газрын асуудлаа сумын удирдлагууд ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэж, зураг төсвөө гаргуулан ирүүлэх ингэснээр ирэх оны улсын төсөвт суулгахад анхаарч ажиллахаа онцгойлон хэллээ.
Мөн сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үйлдвэрийн бус малчдын ЖДҮ, хоршоог энэ чиглэлээр хөгжүүлж тэднээс ариутган савлаж, эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр сүүг сургууль, цэцэрлэгт нийлүүлдэг болох тал дээр анхаарч ажиллахыг чиглэл болголоо.
Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч “Эрүүл Дундговь” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Шүд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг ойрын хугацаанд зохион байгуулна гэдгийг хэлээд сургуулийн хүүхдүүдийн сургалтын үйл ажиллагаанд ашиглах виртуал дэлгэц, 10 ширхэг таблетыг “Оюунлаг Дундговь” хөтөлбөрөөс тус тус шийдвэрлэлээ.